Монгол Улсын Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва Театр, урлагийн 90 жилийн ойн босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. (Архив 2021.11.24)
Тэрбээр 1976 онд УБДС-ийн Кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж, монголчуудын зүрхэнд хоногшсон тайз, дэлгэцийн олон арван бүтээлд дүр бүтээсэн нэгэн билээ. Тухайлбал, тайзны “Хаан түүх” жүжгийн Хаан, “Жамуха” жүжгийн Чингис, “Тамгагүй төр” жүжгийн Эгрэгэ өрлөг, “Хүйтэн сэтий” жүжгийн Богд хаан, “Атга нөж” жүжгийн Хөхөчү зэрэг дэлгэцийн “Мандухай цэцэг хатан” киноны Ибрай тайш зэрэг дүрийг чадварлаг бүтээж, амилуулсан. Мөн орчин цагийн уран сайхны кинонуудад гол болон туслах дүр бүтээж, өөрийн ур чадварыг залуу хойч үедээ зааж, өвлүүлж яваа нэгэн юм. Түүний Монголын тайз, дэлгэц, театр урлагт оруулсан хувь нэмрийг төр үнэлж, 1991 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2001 онд Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнаж байсан бол өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртээлээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар П.Цэрэндагва “Төрдөө үнсүүлж байгаа хүний сэтгэл өндөр байлгүй яах вэ. Би төрдөө гурав дахь удаагаа үнсүүлж байна. Нэг л юманд сэтгэл өег явна. Учир юу вэ гэвэл, төр минь намайг гурван удаа үнсэхдээ надаас өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд сэтгэл их өег байна. Театрын түүхт 90 жилийн ой, улс хувьсгалын 100 жилийн ой, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны энэ их ой давхцаж байгаа энэ үед төрдөө үнсүүлсэндээ сэтгэл хөөрч байгаагийн зэрэгцээ бодож тунгаах зүйл их байна. Үе үеийг өртөөлж, энэ театрыг өдий хүртэл авч явж ирсэн үе үеийн уран бүтээлчдэдээ нэгэнтээ мөргөе, зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж, Монголын театрын урлагийн оргил үеийн эзэгнэж явсан үеийнхэндээ нэгэнтээ мөргөе, ачааны хүндийг үүрэхээр араас минь жагсаж байгаа залгамж үеийнхэндээ нэгэнтээ мөргөе. Сэтгэл хөөрөхгүй, огшихгүй байхын арга алга. Гэхдээ бодож тунгаах зүйлээ мартаагүй гэдгээ та бүхэндээ хэлье. Үзэгч түмэндээ хандаж та бүхнийхээ итгэл сэтгэлийг үүрч, дүүрч явах ноён нуруутай явах болно гэдгээ хэлэхийг хүсэж байна.
Ханьдаа их баярлаж байна. Аливаа юмны ард талд хүний хань байдаг юм аа гэдгийг та бүхэн ухаарч, мэдэх байх аа. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань нь байдаг юм шүү. Гурван хүүхдийг минь тээж, төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа. Та бүхний бие эрүүл, ухаан саруул, сэтгэл уужим, зүтгэл шулуун, итгэл бат байж, үйлс буян дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье ээ” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 2 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 1 Жилийн өмнө