Цөмийн зэвсэгтэй таван гүрний удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргалаа

Admin | 2022-01-04


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох  АНУ, Их Британи, Хятад, Орос, Францын удирдагчид цөмийн зэвсгийн тархалтаас сэргийлэх, цөмийн мөргөлдөөнөөс зайлсхийхээ амлаж байгаагаа илэрхийлсэн хамтарсан мэдэгдлийг 2022 оны нэгдүгээр сарын 3-нд гаргалаа.

Энэхүү мэдэгдлийг 1970 оноос хүчин төгөлдөр болсон Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээ (NPT)-ний хүрээнд  гаргасан бөгөөд уг мэдэгдэлд, цөмийн дайнд хэн ч ялах боломжгүй тул хэзээ ч хоорондоо цөмийн зэвсгээр дайтаж болохгүй гэдгийг их гүрнүүд хоорондоо хүлээн зөвшөөрсөнд хамтарсан мэдэгдлийн гол ач холбогдол оршиж байна. Ийнхүү цөмийн гүрнүүдийн удирдагч нар цөмийн зэвсэгтэй орнуудын хооронд дайн дэгдээхээс зайлсхийж, цөмийн стратегийн эрсдэлийг бууруулах нь цөмийн гүрнүүдийн нэн тэргүүний үүрэг зорилт гэж үзэж байгаагаа хамтран тунхаглалаа.

Үүгээр цөмийн дайнд ялах боломжгүй, цөмийн зэвсгээр хэзээ ч дайтаж болохгүй гэдгийг цөмийн зэвсэгтэй таван гүрэн санал нэгтэй баталж байна. Цөмийн зэвсгийг хэрэглэх нь өргөн хүрээг хамарсан аймшигт үр дагаварт хүргэх тул цөмийн зэвсгийг зөвхөн хамгаалалтын зорилгоор, түрэмгийллийг таслан зогсоох, дайнаас урьдчилан сэргийлэх, тогтоон барих хэрэгслэл гэдгийг баталж, улмаар цөмийн зэвсгийн цаашдын тархалтаас хамтын хүчээр урьдчилан сэргийлэх ёстой гэдэг дээр санал нэг байгаагаа их гүрнүүд илэрхийллээ.  

 

Цөмийн гүрнүүд цөмийн аюул заналхийллийг арилгахын чухлыг дахин нотолж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг хураах, цөмийн зэвсгийг хянах тухай хоёр болон олон талт гэрээ хэлэлцээр, амлалтаа хадгалж, дагаж мөрдөхийн чухлыг онцолж, цөмийн зэвсгээр хөөцөлдөхийг зогсоох, цөмийн зэвсгийг хураахтай холбоотой үр дүнтэй арга хэмжээний талаар яриа хэлэлцээ хийх, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний VI зүйлд заасан үүргээ хэвээр хадгалан биелүүлсээр байгаагаа илэрхийлж байна.  

Цөмийн зэвсгийг зөвшөөрөлгүй болон зориулалтын бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх үндэсний арга хэмжээнүүдийг цөмийн гүрнүүд тус бүрдээ авч хэрэгжүүлэх, цаашид цөмийн зэвсгийг бие бие рүүгээ эсвэл өөр аль нэг улс руу онилдоггүй болохыг зорьж байгаагаа нотлов.

Дэлхий нийтээрээ цөмийн зэвсэггүй болж бүх нийтийн аюулгүй байдлыг хангах эцсийн зорилго бүхий цөмийн зэвсэг хураах үйл явцад ахиц дэвшил гаргахад илүү таатай аюулгүй байдлын орчныг бүрдүүлэхийн тулд бүх улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа цөмийн таван гүрэн онцлон тэмдэглэжээ.

Цэргийн сөргөлдөөнөөс зайлсхийх, тогтвортой байдал, урьдчилан таамаглах чадварыг бэхжүүлэх, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх, хэнд ч ашиггүй, бүгдэд аюул учруулах цөмийн зэвсгийн хойноос улайран хөөцөлдөхөөс сэргийлэхийн тулд хоёр болон олон талт дипломат арга барилыг үргэлжлүүлэн эрэлхийлэхийг зорьж байгаагаа илэрхийлж, бие биенийхээ аюулгүй байдлын ашиг сонирхол, санаа зовоосон асуудлыг харилцан хүндэтгэж, харилцан ойлголцож, бүтээлч яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг эрхэмлэж байгаагаа эдгээр цөмийн таван гүрэн илэрхийлж байна.

Энэхүү хамтарсан мэдэгдэл нь цөмийн гүрнүүдийн зүгээс даян дэлхийн улс түмнүүдэд өгч буй хэзээ ч цөмийн дайн гаргахгүй гэсэн амлалт үүрэг төдийгүй Хойд Солонгос, Иран зэрэг  улсуудын цөмийн асуудлаарх яриа хэлэлцээрийг сэргээх, Украины хямралыг нааштайгаар шийдвэрлэх эхлэл байж болох юм.

Цөмийн таван гүрний энэхүү амлалт үүрэг нь их гүрнүүдийн цөмийн өрсөлдөөнийг хязгаарлах, цөмийн дайны эрсдэлийг бууруулах, олон улсын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа өрнүүлэхэд  чухал ач холбогдолтой төдийгүй ирээдүйд цөмийн зэвсгийг бүрмөсөн хориглох талаарх цөмийн таван гүрний улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл, дэлхийн стратегийн тогтвортой байдлын баталгаа гэж үзэж байна.  

Монгол Улс 1992 оноос өөрийгөө цөмийн зэвсэггүй улс, бүс болгон зарлаж, НҮБ болон түүний дотор дээрх цөмийн зэвсэгтэй таван гүрнээр  цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулж ирсэн нь бүс нутаг төдийгүй даян дэлхий цөмийн зэвсгээс ангижрах, аюулгүй байдлаа улс төр дипломатын аргаар хангахад чухал ач холбогдолтой юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)